Монгол орны сав газрууд

Монгол Улсын Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т гадаргын ус хурах талбай болон газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг “усны сав газар” гэж тодорхойлсон.

Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10-д "усны сав газар" нь сав газрын захиргаатай байх бөгөөд сав газрын захиргааг мэргэжлийн удирлагаар хангах үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар хуульчилсан.

Монгол орны гол, мөрөн, түүний сав газрын хэмжээ, байгалийн нөхцөл, урсац бүрэлдэх зүй тогтол, нөөцийн хуваарьлалт, байгалийн болон засаг захиргааны хил хязгаарыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын /тухайн үеийн нэрээр/ Сайдын 2009 оны 332 дугаар тушаалаар Монгол орны нутаг дэвсгэрийг усны 29 сав газарт хувааж, хил хязгаарыг нь тогтоож өгсөн.

29-river-basins

1. Сэлэнгэ 9.Туул 17. Умар говийн гүвээт, Халхын дундад тал 25. Хүйсийн говь - Цэцэг нуур
2. Хөвсгөл нуур - Эг 10. Хараа   18. Галба - Өөш - Долоодын говь  26. Үенч - Бодонч
3. Шишхэд 11. Ерөө 19. Онги 27. Булган
4. Дэлгэр мөрөн  12. Онон  20. Алтайн өвөр говь 28. Хар нуур - Ховд
5. Идэр   13. Улз  21. Таац 29. Увс нуур - Тэс
6. Чулуут 14. Хэрлэн  22. Орог нуур - Түй 
7. Хануй  15. Буйр нуур - Халх гол  23. Бөөн цагаан нуур - Байдраг
8. Орхон  16. Мэнэнгийн тал 24. Хяргас нуур - Завхан

 

Усны сав газрын ЗАХИРГАА:

Монгол Улсын Усны тухай хуулийн 2012 оны 05 дугаар сарын 17-нд баталсан шинэчлэсэн найруулгаар Сав газрын захиргаадыг байгаль орчны орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд, төрийн байгууллагын статустайгаар байгуулахаар хуульчилсан.

Сав газрын захиргаа нь тухайн сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага бөгөөд Усны тухай хуулийн 17 дугаар зүйл болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг сав газрын хэмжээнд хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Усны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2012 оны 203, 254 дүгээр тогтоолууд тус тус гарч Монгол улсад анхны сав газрын захиргаа байгуулагдсан нь Туул голын сав газрын захиргаа юм.