Font Size

SCREEN

Profile

Layout

Menu Style

Cpanel

Цаг уур

Байгаль, цаг уурын онцлог


Уур амьсгалын нөхцөл

Туул голын сав газар далайн түвшнээс харьцангуй өндөр өргөгдсөн, далай тэнгисээс алслагдсан, эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн тул бичил масштабын хувьд өөрийн онцлогтой бөгөөд түүний уур амьсгалын онцлог шинжийг авч үзвэл өдөр, шөнийн агаарын температурын ялгаа их, хүйтний улирал харьцангуй урт үргэлжилдэг бөгөөд тогтуун, харин зун богино, хур тунадасны ихэнх хувь энэ улиралд орох бөгөөд голдуу агаарын тогтворгүйшлээс үүдэх конвекциос гаралтай байдаг.

Зуны улиралд эх газрын дулаан хуурай агаар зонхилдог. Иймээс орох хур тунадас ихэнхдээ аадар шинжтэй байдаг. Намар хур тунадас багасаж, цочир хүйтрэлт 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхээр ажиглагдан 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр өвлийн нөхцөлдөө шилжин ордог.

Тэрэлжээс Улаанбаатарын хооронд жилийн агаарын дундаж температур – 3.30С – 0.40С -аар хэлбэлздэг байхад Улаанбаатар хотоос Орхон Туулын бэлчир хүртэл – 0.40С -1.10С-аар хэлбэлздэг байна.

Хамгийн хүйтэн сар бол 1 дүгээр сар бөгөөд энэ үед Азийн эсрэг-циклоны хөгжил дээд цэгтээ хүрнэ. Түүний сарын дундаж температур Тэрэлж, Улаанбаатар орчимд -21.60С, Буянт-Ухаа орчимд -25.20С, Лүнд -25.70С, Эрдэнэсантад -17.80С, Гурванбулагт -19.00С, Орхон Туулын бэлчирт  -24.80С байгаа бөгөөд  хамгийн дулаан 7 дугаар сард Тэрэлжийн орчимд 13.00С, харин Зуунмодод 18.70С, Эрдэнэсантад 17.5, 0С, Гурванбулагт -19.00С, Орхон Туулын бэлчирт  19.30С байна.

Агаарын температур

Дэлхийн уур амьсгалын дулааралт Монгол нутагт, түүний дотор Туул голын сав газарт ч эрчимтэй явагдаж байна. Сүүлийн 60 шахам жилд энэ сав газрын агаарын дундаж температур 2.00С-аар дулаарсан байна. Дэлхийн уур амьсгалын дулааралтаар халуун өдрийн давтагдал нэмэгдэхийн хэрээр агаарын хамгийн өндөр температур сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон байна.

Хур тунадас

Туул голын сав газар Монголдоо ихээхэн чийглэг уур амьсгалтай, жилийн хур тунадасны нийлбэр нь 200-400 мм орчим байдаг. Өндөр уулын буюу гол мөрний урсац бүрдэх бүсэд 350 мм-ээс их хур тунадас жилд ордог бөгөөд хур тунадасны 85-90 орчим хувь нь жилийн дулаан улиралд унадаг, хүйтэн улиралд хур тунадас тун бага ордог байдал харагдана.