Font Size

SCREEN

Profile

Layout

Menu Style

Cpanel

Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө

Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежмент /СГУННМ/-ийн төлөвлөгөөг “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” болон бусад холбогдох бодлого, хөтөлбөрүүдтэй уялдаатайгаар 2013-2015, 2016-2021 гэсэн 2 үе шаттай хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан асуудлуудыг хэрэгжүүлэх талаар оролцогч талууд, салбарын төсвийн ерөнхийлөн захирагч нарын дараа онуудын төсвийн төсөл, төсөөлөл бэлдэх удирдамжийн дагуу улсын төсвийн төсөлд шаардагдах хөрөнгө оруулалтыг тусгуулж байх нь зүйтэй.

СГУННМ-ийн төлөвлөгөөнд үйл ажиллагааны төлөвлөгөө, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, хугацаа (үе шатаар), голлон хэрэгжүүлэгч болон оролцогч талуудыг тодорхойлсон болно.

Монгол улсын Усны тухай хуулийн дагуу Туул голын СГУННМ-ийн төлөвлөгөөний төслийг усны сав газрын захиргаа боловсруулж, холбогдох аймаг сумдын ИТХ-ын санал, дэмжлэгийг үндэслэн байгаль орчны асуудал хариуцсан засгийн газрын гишүүн батална.

Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, үйл ажиллагаануудыг сав газрын хэмжээнд удирдан зохион байгуулах, зохицуулах үүргийг холбогдох аймаг, сумдын ИТХ, Засаг дарга нар бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж, Туул голын сав газрын захиргаа усны харилцааны талаар мэргэжлийн удирдлагаар хангана.

Төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хэрэгжүүлэх явцад холбогдох салбар хариуцсан Засгийн газрын гишүүд, тэдгээрийн мэргэжлийн агентлаг, төвүүд, судалгаа шинжилгээний болон мэргэжлийн гүйцэтгэх байгууллагууд оролцоно.

Төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг “Монгол улсын Мянганы хөгжлийн цогц бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлууд, тэдгээрийн үр дүн болон “Ус” үндэсний хөтөлбөр, бусад хөтөлбөрүүдтэй нягт уялдаатайгаар зохион байгуулж үр дүнг тодорхойлно.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу төвлөрлийг сааруулах, бүс нутгийн болон аймаг, сумдын хөгжлийг дэмжих чиглэлүүдээр төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай зөвшилцсөнөөр нэмэлт өөрчлөлт оруулж болно.

СГУННМ-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд  бүх талын оролцоог хангасан тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.  Монгол улсын УННМТ-нд усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг шат шатанд хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн  орчин бүрдүүлэхэд анхаарч, энэ чиглэлээр хийх өөрчлөлт, шинэчлэлтийн ажлуудыг тусгасан болно. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам энд голлох үүрэг хүлээнэ.

Сав газрын захиргаа нь төлөвлөгөө хэрэгжүүлэхэд бүх оролцогч талуудын тэгш байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг гүйцэтгэнэ.

СГУННМ-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцогчдын үүрэг маш чухал. Төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх нь тэдний оролцоо, үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Гэхдээ үндсэн асуудал шийдвэрлэх, арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцогч бүрийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага харилцан адилгүй. 

Оролцогчдыг ерөнхийд нь дараах байдлаар ангилж болно. Үүнд:

  • Хариуцагч: тухайн арга хэмжээг хэрэгжүүлэхэд удирдан оролцох ба бусад оролцогчдыг манлайлах, зохион байгуулах үүрэг хүлээнэ.
  • Хамтрагч: арга хэмжээг хэрэгжүүлэхэд удирдах үүрэг гүйцэтгэхгүй боловч идэвхтэй оролцоно.
  • Зөвлөх: ашиг сонирхол нь тухайн арга хэмжээг хэрэгжүүлэхтэй нийцдэг, өөрийн санал, зөвлөлгөөгөө өгөх боломжтой боловч тэдний санал тухайн арга хэмжээ хэрэгжүүлэх тал дээр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх эцсийн хувилбар бус учраас хариуцагч, хамтрагч нар эцсийн шийдвэр гаргана.

Оролцогчид нь жил бүр салбарын үйл ажиллаганааны төлөвлөгөөндөө тухайн арга хэмжээг нарийвчлан тусгаж байх шаардлагатай бөгөөд энэ нь СГУННМ-ийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх нэг үндэс болох юм.

Tуул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг доорх холбоосоос татаж үзнэ үү.

 

Холбоос: Tуул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө